Соломон Хаан ба ах дүү гурав
- Gegeen Anir
- Apr 27, 2023
- 4 min read
Эрт урьд цагт ах дүү гурав Соломон Хаанаас Тора (Жүүдийн ариун судар) сурахаар нийслэл хот руу явж гэнэ. Соломон зөвхөн хаан төдийгүй Их Багш байсан. Учир нь тэр мэргэн билиг ухаантай гэгээрсэн хүн байсан юм. Ингээд тэд хаантай цуг 13 жил амьдарчээ. Нэг өдөр тэд гурвуулаа хамт суугаад ярилцаж байв. Тэгтэл нэг нь “Бид энд юу хийнэ вэ? Бид хууль, жам ёсыг судлахаар орон гэрээ, байгаа бүхнээ орхиод энд ирсэн билээ. Гэвч одоо хэдийн 13 жил өнгөрсөн байтал бид үнэндээ юу ч сурсангүй. Тиймээс магадгүй бид энэ газраас явж гэртээ харьсан нь дээр байх” гэв. Тэд бүгд бодол нэгтэй байсан тул Хаанд илтгэхээр очлоо.
“Эрхэм дээдсээ, бид энд тантай салах ёс гүйцэтгэхээр ирлээ, бид гэртээ харихаар боллоо гэхэд нь хаан нэн даруй няравтаа 300 алтан зоос гаргаж өг гэж хэлж гэнэ. Тэгээд хаан ах дүү гуравт хандан “За та гурав өөрсдөө сонгож болно, нэг бол би та нарт 3 ухаалаг зөвлөгөө өгнө, эсвэл хүн тус бүрт 100 ширхэг алт өгье” гэжээ. Тэгтэл тэр 3 тэндээ ярилцаж байгаад алтыг нь сонгов. За тэгээд нөгөө гурав Хаантай салах ёс гүйцэтгээд явцгаажээ. Гурвуулаа хотоос гараад дөрвөн километр орчим явж байгаад ийн ярилцав. Тэгээд гэнэт хамгийн бага нь "Бид юу хийнэ вэ? Юу хийцгээнэ вэ? Энд бид алтны төлөө ирсэн билүү эсвэл Тораг сурах гэж ирсэн билүү?’ гэв. Бага дүү тань та хоёрт хэлэх зүйл байна. Хэдүүлээ Хаан дээр эргэж очоод алтыг эргүүлэн өгч, оронд нь Хаанаас ямар нэг ухаалаг зүйл суралцъя" гэв.

Хоёр ах нь хариуд нь, "Алтыг буцааж өгмөөр байвал чи өөрөө л өг. Харин бид хоёр алтаа тэгж хаяхгүй" гэжээ. Ингээд тэд хоёул цааш явцгаав. Харин бага дүү нь Соломон Хаантай уулзахаар эргэж очоод, "Эрхэм Дээдсээ, энд ирэхдээ би алт хайж ирээгүй билээ. Энэ бол эн тэргүүний зүйл биш. Алтаа буцаан аваад ухаалаг гурван зөвлөгөөгөө надад хайрлаач" гэв. Тэгэхэд нь Соломон Хаан, "Ай, хүү минь, хүү минь. Би чамд дараах гурван ухаалаг зөвлөгөөг сургая. Нэгдүгээрт: Аян замд явахдаа, аяллаа үргэлж үүрээр, өглөө эхлүүлээрэй. Тэгээд шөнөөр харанхуй болохоос өмнө, гэгээтэй дээр майхнаа бариарай. Хоёр дахь зөвлөгөө нь: Ус ихтэй гол мөрөн таарвал усыг татартал хэзээ ч алхаж гатлах гэж бүү оролд. Ус нь багастал хүлээ. Гурав дахь ухаалаг мэргэн зөвлөгөө нь: Эмэгтэй хүнд хэзээ ч ямар ч нууцаа бүү хэл, эхнэртээ ч тэр" гэжээ. Ингээд хамгийн бага дүү нь Хаанд баяртай гэж хэлээд мориндоо мордон хоёр том ахынхаа араас давхижээ. Тэднийг хараад, араас нь гүйцэж очиход хоёр ах нь түүнээс, "За, чи юу сурав? Айн?" гэв. Тэгтэл дүү нь, "Би сурсан зүйлээ сурлаа" хэмээн хариулжээ. Тэр эмэгтэй хүнд хэлэхгүй байгаад зогсохгүй ах нартаа ч хэлсэнгүй. Ухаалаг болохын оронд тэд алтыг хүссэн учраас тэд үүнийг мэдэх гавьяагүй шүү дээ. Тэд Соломон хааны дэргэд 13 жил байсан ч юу ч сураагүй аж.

Тэгээд тэр гурав аян замаа үргэлжлүүлэв. Бараг л харуй бүрий болж байхад тэд бүгд шөнөөр хоноглох тун таатай газрыг олжээ. Тиймээс бага дүү нь "Эндээ хэдүүлээ хоноглоцгооё. Тэгээд өглөө эрт хөдөлье. Энэ газар устай, хуурай мод хаа сайгүй, дээрээс нь морьд идэх хангалттай өвстэй юм" гэж хэлэв. Хоёр ах нь шоолонгуй инээгээд түүнд, "Чи тэнэг хүн шиг ярих юм" гэв. Соломон Хаанаас ямар ч юм гурван зөвлөгөө худалдан авах гэж алтаа үгүй хийснээс чинь хойш бид хоёр чамайг хэн бэ гэдгийг чинь, яачихаад байгааг чинь ойлгохоо байлаа. Цааш үргэлжлүүлэн явах боломжтой байхад яах гэж энд амрах вэ? Магадгүй ахиад шөнөөр найман бээр явбал, гэртээ эрт харих биш үү" гэв. Тэгэхэд нь бага дүү нь "Хэрэв та хоёр тэгж хүсэж байвал тэг дээ. Би зогсоож чадахгүй. Харин би эндээ үлдэнэ. Хаашаа ч явахгүй" гэжээ. Ингээд хоёр ах нь цааш үргэлжлүүлэн явав.
Өглөөгүүр, өглөө эрт бага дүү нь сэрээд морио унан, хоёр ахынхаа өмнөх оройн явсан замаар цааш явав. Гэтэл тэр ах нарынхаа цогцсыг олжээ. Ингээд бага дүү нь газар унаж маш ихээр уйлан гашуудаж, сэтгэл нь эмтэрчээ. Тэгээд эцэст нь тэрээр том нүх ухаж, хоёр ахыгаа ороогоод тэнд нь оршуулав. Дараа нь ах нарынхаа алтыг нь аваад цааш оджээ. Хэсэг хугацааны дараа нар гарч бүх цас хайллаа. Удалгүй замд нь нэгэн ус ихтэй том гол таарав. Хоёр эргээ бүхэлд нь халин усны түвшин нэмэгдсэн байлаа. Ингээд тэндээ усыг татрахыг хүлээж суухаар болжээ. Хүлээж байх зуураа тэрээр Соломон Хааны олон ажилчид түүний зүг маш их алт ачсан хоёр морьтой ирж явааг харав. Ингээд тэд түүнээс “Чи яагаад голыг гатлахгүй байгаа юм? Яагаад голыг гаталсангүй вэ?” гэхэд тэр, “Гол их устай байна. Эргээ хальж байна шүү дээ” гэв. Соломоны хоёр ажилчин үүнийг сонссон ч тоосонгүй. Ингээд тэд гол гатлах олон арга хайж гарлаа. Гэтэл гол тэднийг авч оджээ. Усны урсгал хүчтэй байсан тул тэд алга болов. Нөгөө эр ус татартал хүлээгээд, голын ёроолд үлдсэн тэр бүх алтыг мөн аваад цааш явжээ.
Тэр гэртээ ямар ч аюул саадгүй эргэн ирэв. Хоёр ахынх нь эхнэрнүүд түүний эргэн ирэхийг хараад түүн дээр очиж нөхрүүдээ асууж гэнэ. Тэдэнд болсон явдлыг хэлэхээс эмээж, “Миний хоёр ах хаанаас суралцах гээд тэндээ үлдсэн” гэжээ. Үүний дараа тэрээр өөрийнхөө ажил төрөлд анхаарч хэдэн тариалангийн талбай, байшин зэрэг худалдан авчээ. Нэг удаа түүний эхнэр ихэд сониучирхан түүнээс, “Нөхөр минь надад хэлээч, чи хаанаас ийм их алт олоо вэ?” хэмээн асуужээ. Тэгтэл тэр эхнэрээ алгадаад, “Чамд хамаагүй” гэв. Гэвч олон удаа эхнэр нь түүнийг магтан зусардаж, хайрлаж нялганаж, эмэгтэй хүний бүхий л арга, заль мэхийг ашиглан түүнээс ахин дахин асуув. Тиймээс эцэст нь тэр тэсэлгүй түүнд хэлчихжээ.
Нэг өдөр яагаад ч юм тэд маргацгааж, эхнэр нь ялагдаж, маргаандаа ялж чадахгүй байсан учраас тэр чангаар ийн чарлав: “Хөөе, чи өөрөөсөө ахмад хоёр ахыгаа алж, хороож чадсан юм чинь, намайг бол ярилтгүй. Нэг өдөр чи намайг ч бас ална" гэж маш чангаар орилжээ. Гэтэл үүнийг хоёр ахынх нь эхнэр сонсчихов. Тэд хаан дээр очоод хаанд мэдээллэж гэнэ. Тиймээс хаан тэр хүнийг, хамгийн бага дүүг дээрэмчин мөн алуурчин учраас цаазлахын тулд баривчлах тушаал өгчээ. Ингээд хааны тушаалын дагуу түүнийг баривчлан цаазын тавцанд аваачив. Гэвч тэрээр цаазын хэсэгт очихынхоо өмнө цаазаар авагчид “Гуйж байна, хаанд би сүүлчийн удаа нэг л зүйл хэлэх гэсэн юм. Тэгээд дараа нь намайг алж болно” гэв.

Ингээд түүнийг хааны өмнө авчрав. Тэр хааны өмнө бөхийж мөргөөд, “Эрхэм дээдсээ олон жилийн өмнө ах дүү гурав танаас Тораг сурахаар ирж байсан билээ. Би алтыг буцаан өгч танаас гурван зөвлөөг авсан азтай хамгийн бага дүү нь байна” гэв. Тэгтэл хаан шууд л юу болсныг ойлгожээ. Тэгээд хаан, “Аан за за. Битгий ай, бүү ай. Ах нараасаа авсан болон миний ажилчдаас авсан алт бол бүгд чинийх. Чи тэрийгээ өөртөө үлдээж болно. Одоо гэртээ хариад сайхан амьдар. Хайртай эмэгтэйтэйгээ амар сайхандаа жарга” гэжээ.
Тэр үед Соломон хаан хоёр өгүүлбэр хэлснийг хүмүүс хэлц үгний номд хожим тэмдэглэн үлдээжээ. Тэрээр, "Билиг ухаантай байх нь алт эрдэнэсээс илүү. Дээд эрдэм номтой байх нь мөнгөн эрдэнэсээс илүү" хэмээжээ.
Comments