top of page

Веган Шинэ Жил хаана болдог вэ?

Updated: Jan 28, 2022

Монголчууд 12-р сарын турш шинэ жилээ тэмдэглэж өнгөрүүлдэг заншил нэгэнт тогтжээ. Барууны орнуудын хувьд шинэ жилээс гадна Зул Сарын баярыг Эзэн Есүс Христийн мэндэлсэн өдөр хэмээн онцгойлон тэмдэглэдэг. Эзэн Бурхан хэмээн шүтэгддэг учраас Есүс Христ нь энэрэл хайрыг номлодог болох нь гарцаагүй, "Thou shalt no kill" буюу "Аллага бүү үйлд" гээд хэлчихсэн байдаг нь тодоос тод бичээстэй байдаг хэдий ч амьтдыг амьтай гэж үздэггүй юм болов уу, хамгийн гол сургаалыг нь даган мөрдөгчид цөөн байдаг. Тиймдээ ч Их Эзнийхээ мэндэлсэн өдрөөр цацагт хяруулын мах иддэг уламжлал хэзээнээс ч юм, хаанаас ч юм бий болгоод жил бүр 22 сая орчим шувууны амийг тасддаг байна. Дээрээс нь Талархлын баяр болон Улаан Өндөгний баяраар нийтдээ 65 сая цацагт хяруулыг хөнөөдөг аж.


Монголчуудын хувьд ч мөн ялгаагүй шарсан тоорой гэхчилэн бусад амьтдын амь тасалсан зоогоор барын ширээгээ засдаг, дээрээс нь бүтэн сарын турш тэмдэглэдэг гэхээр алагддаг амьтдын тоог гаргавал бас овоо хэдэн цифр бичигдэх байх. Мөн дээрээс нь архи дарс бол зайлшгүй байдаг идээнийх нь нэг, үүнд нь тогтсон хэмжээ хязгаар байдаггүй учраас хүссэнээрээ балгаж согтсоны балгаар дотор эрхтнээ өвчлүүлэх, өвлийн хүйтэнд хөлдөх, зам тээврийн осол гаргах гэх мэт үр дагаврууд жил бүр тохиолдож байдаг.

Одоо энэ тоглоомыг өөрчлөх цаг болсон шүү, Монголчууд аа!

Идэж уух зүйлсээс гадна тэмдэглэдэг арга хэлбэрээ ч бас өөрчлөөд шинэлэг маягаар тэмдэглэж болно шүү дээ. Ер нь идэж уух зүйлсээ хасчихдаггүй юм гэхэд багасгаад өгчихвөл зардал мөнгө ч хэмнэгдэнэ. Ялангуяа мөнгө санхүүгийн байдал асуудалтай байгаа энэ цаг үед аль болох хэмнэлттэй байсан нь зөв. Хувцасны тал дээр гэвэл шинэ жил тэмдэглэхдээ бидэн шиг хэт гоёж гангалдаг улс орон бараг байдаггүй. Минималист загварыг дэлгэрүүлээд энгийн хэрнээ дэгжин хувцаслачихад илүү содон байх байх даа. Ер нь бол идэж уух, өмсөж зүүх дээр төвлөрөхөөс зүгээр л хамтдаа сайхан хөгжилдөх гэж байна гэдэг дээрээ төвлөрвөл уур амьсгал илүү дулаан, дотно байх болов уу гэж боддог. Янз бүрийн шинэлэг байдлаар санаачлаад, зохион байгуулахад хувилбарууд олон гарч ирнэ дээ. Өөртөө байгаа санаагаа коммент хэсэг дээр бичиж бусадтай хувалцаарай гэж та бүхнээс хүсье.


Тэгэхээр веган шинэ жил хаана болдог вэ гэж үү? Веган шинэ жилийг цэвэр ургамалд суурилсан амттай сайхан зоогуудаас гадна согтууруулах ундаагүй, 0 градусын дарс, шампанскийг оронд нь хэрэглэж ямар ч мансууралгүй, цэвэр ухамсартайгаар баяр баясал дүүрэн тэмдэглэж ирсэн жишээ олон бий. Нийтлэлч миний бие 2009 онд веган шинэ жилийн баярыг анхлан санаачилж түүнээс хойш 3 жил дараалан зохион байсан туршлагаас харахад ирсэн зочид маань баярын өдрийг ухаан санаа эрүүл хэвээр дуусгаж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.

ree

2010 оныг угтах шинэ жилийн баярын үдэшлэг


Веган шинэ жилийн арга хэмжээнүүдээ ихэвчлэн УБ хотод үйл ажиллагаагаа явуулдаг веган ресторануудад зохион байгуулж байсан ба төрөл бүрийн хоолноос нь сонгон захиалж дээрээс нь өндөг, сүүний найрлагагүй веган бялуу, уух зүйлс, жимс гээд баярын ширээ маань гайхалтай сайхан болчихно. Тэгээд гаднаас хөгжимчид, дуучид авч ирэлгүй өөрсдөө үзүүлбэр, хөгжөөнт тоглоомоо бэлдчихээр илүү хөгжилтэй, халуун дотно уур амьсгал бий болдог.

ree

Өндөг, сүүний найрлагагүй цэвэр веган бялуу


2011 оныг угтах шинэ жилээ бид илүү өргөн хүрээг хамран зохион байгуулсан ба үеийн залуустаа үлгэр дууриалал үзүүлэхийг зорьж манлайлагч оюутан залуусын төлөөллөөс урьж оролцуулсан юм. Мөн баярт өдрөө эрүүл хэв маягаар тэмдэглэх санааг олон хүнд хүргэх үүднээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг ч бас урьсан. Зарим веган хоолтон олны танил хүмүүс ч бас хүрэлцэн ирсэн нь ч нөлөөлөх хүчийг нэмэгдүүлсэн болов уу.

ree

2011 оныг угтах шинэ жилийн үдэшлэг


Бид бүхний уриалга, үлгэр дууриаллын нөлөөгөөр ч тэр үү, УБ хот болон орон нутгуудад хамт олон, байгууллагууд шинэ жилээ архигүйгээр тэмдэглэж байна гэсэн мэдээ мэдээллүүд ар араасаа сонсогдож байсан нь үнэхээр баярламаар талархууштай байв. Харин зөвхөн архи, согтуурал ундаагүйгээс гадна баярын ширээгээ веган байлгахыг та бүхэндээ уриалж байна. Бусдын үхэл зовлон, бид бүхний баярлах шалтгаан болох ёсгүй гэдгийг ухамсарт хүмүүс бид оюун ухаандаа тунгааж амьдралдаа хэрэгжүүлцгээе.


Веган шинэ жилийг та хаана ч зохион байгуулж болно. Мөн бид танд баяраа тэмдэглэхэд хамгийн тохиромжтой веган ресторануудыг санал болгоё. Та бүхэн доор нэрс дээр дараад ФБ хуудастай нь холбогдоорой.


header.all-comments


bottom of page