Шарсан будааны цаасан ороомог
- MongoLoVegan

- Jan 23, 2024
- 2 min read
Гадна талдаа шаржигнуур, дунд хэсэг нь зажлууртай, амтлаг, шүүслэг шанзтай шарсан будааны цаасан ороомог нь хийхэд хялбархан ба жорын санг тань баяжуулах онцгой зууш юм.

Шанзыг бэлдэх олон веган хувилбарууд байдаг ба уураг, амин дэмт ногоо, эрүүл нүүрс ус зэргийг нэгэн зэрэг агуулсан бүрэн тэнцвэртэй байдлаар бэлтгэх боломжтой. Цаасан будаа хэрэглэх арга:
1. Усанд дэвтээхгүйгээр ердөө 2-3 секунд дүрээд авна. Усанд дүрэгдсэн цагаан будааны цаас зөөлөрдөг тул дотор нь шанзаа дүүргэж, нугалж орооход хялбар болно. Харин хэт удаан дүрчихвэл хэт зөөлөрч, амархан цоорох болно
2. Ороохдоо аль болох хий оруулахгүй, хуруугаараа хийг шахаж шигд орооно, учир нь шарах үед агаар нь томордог тул хагарал үүсч мэднэ.
3. Хэрэв эхний будааны цаас нь жигд ороогдоогүй бол дахин нэг будааны цаасаар давхарлаж болно. Ингэвэл илүү бат бөх болж хагарч задрахгүй. Мөн ингэж давхарласнаар будааны цаасны зөөлөн зажлуур нь идэхэд илүү амттай санагдуулна.

Жор:
8 юмуу 16 ширхэг цагаан будааны цаас
350 гр шахмал сайтай дүпү
1 ш дунд зэргийн лууван (жижиглэсэн)
3 ширхэг хар мөөг
3 ширхэг чинцайны иш
1/2 аяга амтат эрдэнэ шиш
1 сонгино (жижиглэсэн)
1.5 халбага тамари эсвэл шар буурцгийн цуу
1 халбага цагаан будааны цуу
1 халбага эрдэнэ шишийн цардуул
1/4 халбага цагаан перец
Чимх давс
Ургамлын тос
Чимэглэлийн зориулалтаар гүнжидийн үр
Хийх заавар:
- Хар мөөгийг 15 минут бүлээн усанд дэвтээгээд дараа нь бүх ногоогоо жижиглэн хэрчинэ

- Хайруулын тавган дээр ургамлын тосоо дунд зэргийн хэмд халааж, сонгиноо бага зэрэг алтлаг, анхилуун үнэртэй болтол нь 1,2 минутын турш хуурна
- Хайруулын тавган дээр дүпүгээ хусуураараа буталж жижиглэнэ
- Дүпүгээ шар буурцагны цуугаар амтласнаар дүпүг бага зэрэг өнгөтэй болгодог

- Үлдсэн ногоогоо нэмж, цагаан будааны цуу, давс, перцээр амталж, бүх шүүс нь ерөнийдөө алга болтол хуурна
- Эрдэнэ шишийн цардуулаа нэмээд жигд холино. Ингээд шанз маань хоорондоо сайн наалдсан бөгөөд хэт нойтон биш байх ёстой. Бэлэн болсон шанзаа 10 минутын хөргөнө
- Цагаан будааны цаасыг 2-3 секундын турш усанд дүрж, илүүдэл усыг сэгсрээд ганбанз дээрээ тавина

- Доод зах руу нь шанзнаасаа 2 хоолны халбагыг хийж будааны цаастайгаа дээш нь нугалаад, дараа нь хоёр талыг нь дунд хэсэг рүү авч ирж нугална. Яг л буррито шиг байдлаар ороох ба хүсвэл дахиад нэг давхарлаж болно.
- Ороомгоо цагаан гүнжидийн үрэн дээр өнхрүүлнэ

- Наалддаггүй хайруулын тавган дээр тосоо дунд зэргийн хэмд халааж, ороомгоо 2 талаас нь алтан шаржигнуур болтол нь шарна. Эхний талыг нь 3 минут, нөгөө талыг нь 2 минут байлгаад түлэхгүйн тулд ойр ойрхон шалгана.
Ингээд хийхэд сонирхолтой, идэхэд зугаатай шарсан ороомгоо хүссэн соусандаа дүрээд амтархан зооглоорой!



Comments